Рюүкюү улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Рюүкюү улс (Окин. 琉球國 ; япон: 琉球王国 ; Хятад. 琉球國) 15-19-р зууны үед Окинава болон Рюүкюү арлуудад оршин тогтнож байсан хаант засаглалын хэлбэртэй, Хятадын эзэнт гүрэнд алба, гувчуур төлдөг хараат улс байсан юм. 1609 оноос хойш Даймё Хан Сацүмагийн эрх мэдэл ноёрхож байсан. 1879 онд Японы эзэнт гүрэнд эзлэгдээд албан ёсоор нэгтгэгдэж, Окинава муж болжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

XIII—XIV зуунд Санзан (япон. 三山時代 Санзан жидай) эрин үед Окинава арал дээр "Хокүзан" (япон. 北山, «Умард уул»), "Нанзан" (япон. 南山, «Өмнөд уул») бөгөөд "Чүүзан" (япон. 中山, «Төв уул») гэсэн гурван ванлиг байсан. Эдгээр гурван ванлиг нь Хятадад татвар гувчуур төлдөг байсан бөгөөд тус арал дээрх эрх мэдлийг авах гэж хоорондоо өрсөлддөг байжээ.

Рюүкюү улс нь энх тайвныг эрхэмлэсэн гадаад бодлого баримталж, бүх хөршүүдтэйгээ нэгэн зэрэг найрсаг харилцаатай байхыг хичээж байв. Хэрэв хөрш хоёр улсын харилцаа ямар нэг шалтгаанаар муудсан бол, тухайлбал, Япон далайн дээрэмчид өөр нэг хотыг дээрэмдсэний улмаас Хятад, Японы хооронд мөргөлдөөн үүсхэд Рюүкюүгийн захирагчид дайтаж буй талуудын хооронд бараа тээвэрлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Ийнхүү 14-р зууны дунд үеэс 16-р зууны дунд үе хүртэл Рюүкюү нь баян чинээлэг худалдааны улс байв. 16-р зууны хоёрдугаар хагасаас өмнө зүгт португалчуудтай, хойд талаараа япончуудтай өрсөлдөж, хөгжил цэцэглэлтийн эрин дуусгавар болжээ.

16-р зуунд арал дээр Японы соёлын нөлөө нэмэгдсэн. Японы номлогчид 1530-аад онд Рюүкюүд ирсэн бөгөөд 1572 оноос эхлэн окинавачууд Киотогийн сүмүүдэд Зэн буддизмыг судалж даган, япон хэл, япон уран зохиолыг сонирхох болсон байна.

1450 онд Шикокүгийн захирагч, Японы феодал Хосокава Кацүмото Рюүкюүгийн хөлөг онгоцыг олзолсноор Японтой мөргөлдөөн эхэлсэн бөгөөд ийм үйл явдлууд үргэлжилсээр байв. 1527 оноос эхлэн Японы далайн дээрэмчид Окинава руу дайрч эхлэв. Нахаг хамгаалахын тулд Рюүкюүгийн удирдагчид хоёр цайз барив. 1588 онд Японыг нэгтгэгч Тоёотоми Хидэёши Рюүкюү ванлигийг Солонгосын эсрэг дайнд оролцохыг шаардаж, цаашид Хятадтай дайнд оролцуулахаар төлөвлөж байв. Шо Нэй, Ван Рюүкюү нар Хятадыг Японоос хүчтэй гэж үзээд хариу өгөөгүй бөгөөд Киото руу төлөөлөгчөө илгээхээ больжээ.

1609 оны хавар Сацүмагийн арми Окинава арал дээр бууж, нутгийн энгийн ард цэргүүдийг бут ниргэж, Шүри цайз болон Вангийн эрдэнэсийн санг дээрэмджээ. Шо Нэйг барьцаалж, хоёр жил Япон руу явуулжээ. 1611 онд Шо Нэйг эх орондоо буцаж ирэхийг зөвшөөрсний дараа тэр болон түүний талынхан Рюүкюү улс үргэлж Сацүмагийн вассал байсаар ирсэн тухай энхийн гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болжээ.

Ийнхүү Рюүкюү улс Хятадын эзэн хаан ба Сацүмагийн даймёо хоёрын хараат байдалд оржээ.

1615 онд Хятад-Японы яриа хэлэлцээ мухардалд орж Хятад улс Японы хөлөг онгоцыг Хятадын боомтоор нэвтрүүлэхийг хориглолоо. Сакокү бодлогын улмаас Европын худалдаачид Японы боомтуудад нэвтрэх эрхээ мөн алджээ. Ийнхүү Япон, Хятадын худалдааны гол урсгал нь Хятад, Япон хоёулаа "өөрсдийнх" гэж үздэг Рюүкюү улсаар дамждаг болсон.

Хятадтай зөрчилдөхөөс зайлсхийхийн тулд Сацүмагийн захирагчид Рюүкюүг бие даасан улс мэт дүр эсгэхийг тушаажээ. Рюүкюүгийн оршин суугчдад япон нэр, хувцас хэрэглэхийг хориглов. Гадаадад байгаа Рюүкюүгийн төлөөлөгчдөд Рюүкюү Сацүмагаас хамааралтай гэж ярихыг хориглож, Японы харьяат хүмүүсийг засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Рюүкюүд зорчихыг зөвшөөрдөггүй байжээ.

1866-1869 онд Японд эрх мэдэл Шоогүнээс эзэн хаан Мэйжийн мэдэлд шилжсэн. 1871 онд засаг захиргааны шинэчлэл хийгдэж, хуучин феодалын хануудыг муж болгон өөрчилсөн байна. Барууны гүрнүүд эзлэн задрахаас зайлсхийхийн тулд Японы эрх баригчид вассал газрууд дахь хяналтыг яаралтай зохион байгуулж, улсын хил хязгаарыг тогтоох шаардлагатай болов. Рюүкюү арлуудыг Японы төлөвлөгөөний дагуу Хятад-Сацүма холимог вассал улсаас Японы нутаг дэвсгэр болгон өөрчлөх шаардлагатай байжээ.

1871 оны 12-р сард болсон далайн шуурга Рюүкюүгийн усан онгоцыг Тайвань арлын өмнөд эрэгт туун хүргэсэн байна. Нутгийн уугуул иргэд хөлөг онгоцны багийнханд халдаж, 54 хүний ​​аминд хүрчээ. Япон энэ үйл явдлыг шалтаг болгон ашиглан Рюүкюүг Хятадаас тусгаарлахаар шийджээ. Японоос Хятадад суугаа Элчин сайд Хятадын эрх баригчдаас “Япон иргэд”-ийг хөнөөсөн этгээдүүдийг шийтгэхийг шаардаж, Тайванийн зүүн эрэгт болж буй үйл явдалд Хятад улс хариуцлага хүлээхгүй гэсэн хариултыг авсан байна. Үүний дараа нь 1874 онд Япон Тайвань руу цэргийн анги илгээхэд Хятад эсэргүүцсэн байна. 1874 оны 10-р сард Хятад, Япон хоёр Рюүкюү далайчдыг "Японы харьяат" гэж тодорхойлсон гэрээнд гарын үсэг зурав. Их Британи ч энэ гэрээг хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү олон улсын хамтын нийгэмлэг Рюүкюүг Японы газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.