Асуд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Асуд аймаг бол Монголын нэгэн овог аймаг юм. Асудын өвөг дээдэс нь аланууд болно. XIII зууны үед алануудын зарим хэсгийг Монголд авчран суулгасанаар Асуд аймаг бүрэлдэн бий болжээ. Орчин үед асудууд Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суудаг.

Гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]

Асудын өвөг дээдэс аланууд Кавказын нурууны хойд талын нутагт амьдардаг байжээ. Бат ханы байлдан дагуулалтын үед аланууд Монголын захиргаанд орсон байна. Олзлогдсон алануудыг Монгол руу илгээж, цэрэг, аж ахуйн ажил хийлгэх болжээ. Улмаар эдгээр аланууд нь монголчуудтай холилдож, Асуд хэмээх аймгийг үүсгэжээ. Кавказын нуруунд үлдсэн аланууд нь улмаар Осетчуудын өвөг дээдэс болжээ.

Нэрний тухайд[засварлах | кодоор засварлах]

Монголчууд алануудыг Ас хэмээн нэрлэдэг байжээ. Ас гэдэг нь араб хэлний үг юм. Асуд хэмээх нь Ас гэдгийн олон тоог заасан үг болно.

XIII-XIV зууны үед[засварлах | кодоор засварлах]

XIII зууны сүүл үед, Монголын байлдан дагуулалтын үед асуд цэргүүд байлдах тулалдах нь монгол цэргээс дутахгүй, зарим үед илүү байсан учраас Юань улсын үед их хааны хишигтэн цэрэг, орон нутгийн түмт, мянгат цэргийн албанд хуваарилсанаар монгол хаад ноёдын цэргийн гол хүчийг бүрдүүлж байсан. Юань улсад хаан суурийг булаацалдах дотоодын тэмцэл гарах бүрд асуд цэргийн мянгатууд ихээхэн үүрэгтэй оролцож эхэлсэн нь тус улсын шилдэг цэргээр тооцогдож эхэлсэн. Энэ ч монголын төрийн тавцанд байр сууриа эзлэхэд төрд шууд нөлөөлсөн.

1368 онд Юань улсын засаглал Хятадад унасаны дараах хорь гаруй жилд өрнөсөн дайнд монгол цэргийн сүр хүч бууран доройтох үед асуд ноёд өөрсдийн цэргийн хүчинд дулдуйдаж, алтан ургийн ноёдоос хэн нэгнийг хаан сууринд өргөмжилж, монголын төрд шууд нөлөөлж эхэлжээ.

XV зууны үед[засварлах | кодоор засварлах]

XV зууны үед Асуд аймгийн Аругтай тайш хүчирхэг байв. Тэрээр Ойрадын тайш Үгэчи хашихагийн дэргэд нэгэн хэсэг байжээ. Үгэчи Хашиха алагдсаны дараа Аругтай тайш Ойрадын Батула чинсанд олзлогдож, хэсэг хугацааг өнгөрөөсний эцэст суллагдсан аж. Түүний дараа Аругтай тайш Элбэг Нигүүлсэгч хааны хүү Буянширийг Доголон Төмөрийн улсаас залж авч ирээд Өлзийтөмөр хэмээн өргөмжлөн Монголын хаан ширээнд залж, Ойрадын Батула чинсантай тэмцэлдэх болжээ. Мин улсын Юнлө хаан Буяншир хаанд бууж өгөхийг тулган шаардсан захидал илгээсэнд Буяншир хаан түүнийг үл хайхрав. Үүний улмаас Мин улсын хаан Юнлө Монгол руу 100,000 цэрэг илгээсэн байна. Буяншир хаан, Аругтай тайш нар Мин улсын цэргийг бут цохиж, тэдний тэргүүлэгч таван том жанжныг алжээ. Монголчууд энэ ялалтынхаа эрчээр Мин улс руу довтолж, Датун зэрэг мужуудыг нь цөлмөн сүйтгэв. Үүнийг сонсоод Мин улсын хаан Юнлө өөрийн биеэр 500,000 цэрэг удирдан Монгол руу довтолжээ. Мин улсын их цэрэг ирж яваа тухай мэдээг аваад Буяншир хаан баруун зүгт Доголон Төмөрийн дэргэд очих санал тавихад Аругтай тайш түүнийг эс зөвшөөрөв. Тэгээд Аругтай тайш Буяншир хаанаас салж, зүүн зүг рүү явжээ. Буяншир хаан Хэрлэн мөрний орчим Мин улсын цэрэгтэй тулалдаж ялагдаад баруун зүг рүү зугтсан ажээ. Гэтэл Ойрадын Батула чинсан Буяншир хааныг довтолж алаад тамгыг нь олзлон авч, түүний хүү Дэлбэгийг Монголын хаанд өргөмжилжээ. Аругтай тайш түүний эсрэг Адай тайжийг хаанд өргөмжилж, Батула чинсантай тэмцэлдэх болов. Дэлбэг хаан, Батула чинсан нар Туул голын орчим Мин улсын цэрэгтэй дайтаж их хохирол амссан аж. Адай хаан, Аругтай тайш нар үүнийг ашиглан Ойрад руу довтолж, Батула чинсанг алж, эхнэр, хүүхэд, албат, хөрөнгийг нь олзлон авчээ. Аругтай тайш урьд Батула чинсанд олзлогдож, арган доор хөмрүүлж, Аругтай хэмээх нэр авсанаа санаж Батула чинсаны хүү Бахамуг тогоон доор хөмөрч Тогоон хэмээх нэр өгч өшөөгөө авчээ. Удалгүй Адай хаан Тогооны эх Самар хатны ятгалгаар Тогооныг суллаж, Ойрад руу буцаав. Тогоон Ойрадад очоод эцгийнхээ суурийг залгамжилж, улмаар бүх Ойрадыг нэгтгэжээ. Мөн Чингис хааны угсааны Тогтохбухыг Тайсун цолтойгоор Монголын хаанд өргөмжилсөн тул Адай хаан, Аругтай тайш нарын эзэмшлээс бусад Монголын газар нутаг Тогоон тайшийн захиргаанд оров. Адай хаан, Аругтай тайш нар Тайсун хаан, Тогоон тайш нартай тэмцэлдсээр байсан бөгөөд энэ тэмцлийн явцад Аругтай тайш өөрийн хүүгийн хамт Тогоон тайшид алагдсан байна. Аругтай тайшийн харъяат албатуудыг ойрадууд хоорондоо хувааж авсан ба Аругтай тайшийн зарим албатууд нь Аругтай тайшийн нэг хүүгээр удирдуулан баруун зүг рүү нүүж Доголон Төмөрийн улсад очиж суусан гэдэг. Адай хаан Доржбай чинсаны хамт ойрадуудтай тэмцэлдсээр байсан агаад улмаар Мин улс, Ойрадын хамтарсан цэрэгт ялагдаж алагджээ. Тогоон тайш нас барсны дараа түүний хүү Эсэн тайшийн сууринд сууж, бүх Монголыг Тайсун хааны манлайлал доор нэгтгэв. Гэвч 1450-иад оноос нэгдсэн Монгол улс дотоодын хямралд автаж, Тайсун хаан, Эсэн тайш зэрэг төрийн том зүтгэлтнүүд бүгд алагдсан байна. Энэ хямралын улмаас Ойрадын нэгдэл суларч, хэдэн хэсэг болон задарчээ. Энэ үед Асуд аймаг Ойрадын бүрэлдэхүүнд байж байгаад улмаар зүүн Монголын захиргаанд орсон аж. 1480 онд Батмөнх Даян хаан зургаан түмэнийг байгуулах үед Асуд аймгийг Юншээбүү, Харчин аймагтай нэгтгэн нэгэн түмэн болгов. Улмаар асудууд говийн өмнөх монголчуудын дотор тархан нутаглах болжээ.

XVI-XVIII зууны үед[засварлах | кодоор засварлах]

XVI зууны эхээр Асуд аймгийг Батмөнх Даян хааны хөвүүн Арболд тайжид өмч болгон өгсөн ч Арболд тайжийн хоёр хөвүүн албат ардаа булаалдан самуун дэгдээв. Үүний улмаас тэдэнд захирагдаж асан Асуд, Юншээбүү аймгийг Барсболд жононгийн отгон хөвүүн Бодидара отгон ноёнд шилжүүлэн өгчээ. XVI зууны дунд үеэс XVII зууны эхэн үеийн хооронд Бодидара ноёны нутаг нь одоогийн Жанчхүү, Сюаньхуа орчмоор нутаглаж байв. 1636 онд асудууд говийн өмнөх бусад монголчуудын хамтаар Манжид дагаар оржээ.

XIX зууны үед[засварлах | кодоор засварлах]

XIX зууны үед Манжийн Чин улс сулран доройтсонтой холбоотойгоор Өвөр Монголд Орос, Япон зэрэг гадны улсуудын нөлөө нэвтэрч эхлэв. Ялангуяа хятад тариачид олноороо Өвөр Монголд орж ирж суух болжээ. Манжийн "Шинэ засгийн бодлого" явагдах болсноос хойш энэ явдал улам эрчимжив. Энэ явдлын эсрэг өвөр монголчууд олон удаа бослого гаргаж байжээ. Асудууд ч мөн бослого гаргаж байв.

XX зууны үед[засварлах | кодоор засварлах]

1912 онд Манжийн Чин улс мөхөж, Дундад Иргэн Улс байгуулагдав. 1911 онд Олноо Өргөгдсөн Монгол улс байгуулагдаж, Өвөр Монголыг өөртөө нэгтгэхийн тулд олон талын оролдлого хийх боллоо. ДИУ Өвөр Монголыг захиргаандаа барьж байх, Монгол улсыг өөртөө нэгтгэх бодлого явуулах болов. 1912 онд Монгол улсын таван замын их цэрэг Өвөр Монголд давшин орж, Хятадын цэрэгтэй тулалдаж эхэлсэн байна. Өвөр монголчууд Монголын цэргийг элдвээр дэмжиж, өөрсдөө цэрэгт элсэх нь улам их болсоор байв. Гэвч Орос улс Монголд шахалт үзүүлсэн тул Монгол улс цэргээ буцааж татжээ. Түүний дараа Өвөр Монголд бослого хөдөлгөөн гарсаар байв. 1930-аад онд Японы цэрэг Өвөр Монголыг эзэлж, захиргаандаа оруулан Манжго улсыг байгуулжээ. Манжго улсын морин цэрэг нь манж, монгол цэргүүд байв. 1945 онд Япон улс дэлхийн II дайнд ялагдсаны дараа өвөр монголчууд БНХАУ-ын захиргаанд оржээ. 1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдав. БНХАУ өөрийн захиргаан дахь цөөн тоот үндэстнүүдийг аймаглан устгах бодлого явуулснаас болж, 2 сая гаруй өвөр монголчууд алагджээ.

Одоо үед[засварлах | кодоор засварлах]

Асудууд одоо үед Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суудаг.