Jump to content

Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс 1922 он

Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс (АДБНУ, орос. Дальне-Восто́чная респу́блика) нь Зөвлөлт Оросын дэмжлэгтэйгээр зүүн Сибирт 1920 оны 4-р сарын 6-д Улан-Үдэд байгуулагдаж Орост нэгдэх хүртлээ ёс төдий бие даан оршиж байсан тоглоомын буфер улс. Зөвлөлт Орос улс сарын дараа буюу 1920 оны 5-р сарын 14-нд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, түүнд санхүү, дипломат, боловсон хүчин, эдийн засаг, цэргийн тусламжийг эхнээс нь үзүүлжээ. Энэ нь Москвад Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын дотоод, гадаад бодлогод хяналт тавьж, Улаан дивизийн үндсэн дээр Ардын Хувьсгалт Армийг (ХХА) байгуулах боломжийг олгосон юм.

Алс Дорнодын Бүгд Найрамдах улсын газрын зураг

Тус улсыг байгуулагдах үед большевикууд Байгал нуураас баруун тийш нутгийг хянаж байсан ч Владивосток хотыг оруулаад Номхон далайн эрэг дагуух бүс нутаг Японы хяналтад байв. Ийм нөхцөл байдалд Зөвлөлт Орос улс, Японы эрхшээлд буй нутгийг түр хугацаанд зааглах буфер улс бий болгож цаг хожих үүднээс Читад төвтэй энэхүү АДБНУ-ыг байгуулахыг Ленин үүрэг болгожээ.

Чита мужийн Гонгота төмөр замын өртөөнд 1920 оны 5-р сарын 24-нөөс 7-р сарын 15-нд болсон хэлэлцээний үеэр Японы төлөөлөгчид Ар Байгалаас цэргээ нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Москвагийн энэхүү дипломат ялалт нь Ардын хувьсгалт армид 1920 оны 10-р сараас 11-р сард Атаман Григорий Семёновын Оросын зүүн захын Зэвсэгт хүчнийг ялах боломжийг сүүлд олгосон байна. 1920 оны 10-р сарын 22-нд удаан үргэлжилсэн тулалдааны дараа Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Ардын хувьсгалт армийн ангиуд болон партизанууд Чита хотыг эзэлж, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын шинэ нийслэлээ болгосон түүхтэй. Үүний зэрэгцээ Японы цэргийг Хабаровскоос нүүлгэн шилжүүлсэн нь Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын хүрээнд Алс Дорнодын бүс нутгийг бодитоор нэгтгэхэд хүрэгсэн байна.

Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль.

1921 оны 1-р сарын 9-нд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийг боловсруулж, дээд байгууллагуудыг бий болгох үүрэг хүлээсэн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Үүсгэн байгуулалтын хурлын сонгууль эхэлсэн. Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын үүсгэн байгуулах хурал 1921 оны 2-р сарын 12-нд нээгдэв. Оросын хүн ам нь хурлаар сонгогдсон төлөөлөгчдөө Чита руу илгээсэн байв.

Үүсгэн байгуулалтын хурлын олонхийг большевикууд партизаны хөдөлгөөний төлөөлөгчидтэй эвсэж бүрдүүлэв. Үйл ажиллагааныхаа хугацаанд (1921 оны 2-р сарын 12 - 4-р сарын 27) Алс Дорнодын үндсэн хуулийг баталсан бөгөөд үүний дагуу Бүгд найрамдах улс нь тусгаар тогтносон ардчилсан улс байсан бөгөөд төрийн дээд эрх мэдэл нь зөвхөн Алс Дорнодын ард түмэнд харьяалагддаг байв. Үндэстний цөөнхийн хувьд нутаг дэвсгэрийн болон нутаг дэвсгэрээс гадуурх автономит байдлыг нэвтрүүлсэн байна.

Сибирьт Зөвлөлт засаг тогтож, япончуудыг хөөн гаргаснаар тус улс цаашид оршин тогтнох бодит шаардлага үгүй болсон тул 1922 оны 11-р сарын 14-д Зөвлөлт Орос Улсад нэгтгэжээ.

1921 оны 6-р сард АДБНУ Василий Блюхер тэргүүтэй цэрэг Монголд орж ирж Монголоос цагаантны Барон Унгерн фон Штернберг тэргүүтэй цэргийг хөөн гаргажээ. Коминтерны төлөөлөгч Т.Рыскулов Монголын 1924 оны анхны Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа АДБНУ-ын Үндсэн хуулийг ашигласан гэх баримт бий.