Jump to content

Тартюф

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тартюф — 17-р зууны Францын хошин жүжгийн зохиолч, жүжигчин Мольер 1622 оны 1 сарын 15–ны өдөр мэндэлжээ. Тэрээр сонгодог урлагийн гурван том төлөөллийн нэг бөгөөд сонгодог театрын түүхэнд Мольерын жүжгүүд онцгой үзэгдлийн нэг болсон юм. Расин, Корнель нарын язгууртны философи ханхалсан эмгэнэлт жүжгүүдийг жирийн ардаас гаралтай, сонирхогчийн хэмжээний жүжигчдийг удирдсан ядуухан нэгэн эр бүдүүлэгдүү, хошин жүжгүүдээрээ зад цохисон явдлыг онцгой гэхээс ч өөр аргагүй. Уламжлалт баг наадам, алиа марзан яриан дээр үндэслэсэн Мольерын жүжгүүд зан суртахууны асар өргөн далайцыг Францын театрт оруулж ирсэн байна. Театрын хэлийг анх удаа энгийн ярианы хэлээр сэлбэсэн түүний жүжгүүд язгууртнуудыг ч байлдан дагуулж, урлагт элэгтэй XIV Людовик хаан Мольерыг өөрийн ивээлд авч байсан гэдэг. Хэдий тийм боловч «Тартюф»-ыг нь хаан тусгай зарлигаар хориглож байснаас үзвэл Мольер тухайн цагийн ёс зүй хийгээд утга зохиолын классицизмын аргад хашигдаагүй, шинэчлэгч байсан юм.

Мөн 1643 онд тэрээр өөрийн эцгийн хүслээр жүжигчин болохоор шийдэх үед эмгэнэлт жүжиг театрын хүлээн зөвшөөрсөн жанр байжээ. Харин инээдмийн жүжиг дэмжигдээгүй бөгөөд ямар нэгэн хэмжүүргүйгээр баяр хөөр гэж тооцогдож байв.

Хэрмэл театрын жүжигчнээр тэрээр удаан хугацаанд аялсны дараа өөрөө бичиж эхэлсэн. 14-р Людовикийн ивээлийг авсан үеэс эхэлж тэрээр жүжгүүд нь хааны ордонд тоглох болсон. Харин Мольер жүжгүүдээрээ өөрийн үеийнхнийг элэглэн дуурайж, хошин жүжгийн тухайн үеийн үнэ цэнэ, үнэлэмжийг дээшлүүлсэн байна. Мөн та бидний сайн мэдэх "Хүнд дургүй", "Дон Жуан", "Хотын эрхэмсэг угсаатан", "Сэжиглэхээс л өвчин эхэлнэ", "Дургүйлхэн дургүйлхэн эмч болов" зэрэг хошин жүжгийн зохиолуудыг бичсэн билээ. Шашны бялдууч занг элэглэсэн “Тартюф” 1664 онд ичгүүр гэж юу болохыг жинхэнэ утгаар үзүүлсэн гайхалтай уран бүтээл болсон юм.

Хууран мэхлэгч Тартюф

хошин жүжиг 1664-1669

Эрхэм Органы заллагаар Тартюф хэмээх ноёнтон тэднийд саатах болжээ. Гэрийн эзэн мөнөөх Тартюфыг шударгуу, сэцний туйл хэмээн гойд хүндлэн үзэж, үг сургаал бүрийг нь даган, зочныхоо ариун шүтлэгтэйд бишрэх аж.

Харин Органы энэ бишрэлийг түүний эх хатагтай Пернелиэс бусад нь үл хуваалцана. Оргоны эхнэр, нас биед хүрсэн хүүхдүүд, хадам дүү Клеант, тэр ч бүү хэл зарц нар нь хүртэл Тартюф гээч маань үнэн хэрэгтээ тансаг сайхан хоол унд хүртэн, тухтай зөөлөн оронд унтаж, сэтгэл амар аж төрөх газар хайж яваа зальхай нэгэн болохыг ажиглачихна.

Гэвч зальхай эрийн тухай нэг л таагүй үг дуулдвал, хатагтай Пернель бөөн хэрүүл үүсгэх бөгөөд Орган тиймэрхүү яриаг сонсохыг ч үл хүсэх ажээ. Тэрээр эхнэрийнх нь бие тавгүйтэхэд ер үл ойшоох атлаа, Тартюфыг хэтэртлээ идсэн, үд хүртэл унтсан, босуутаа л дарс уун хөлчүүрэх болсон тухай зарцаасаа сонсуут хөөрхий хэмээн өрөвдөн халаглана.

Оргоны охин Мариана нь Валер хэмээх төлөв төвшин залууд сэтгэлтэй бөгөөд, хүү Дамис нь болохоор мөнхүү Валерын дүү охинд дурладаг, Орган охиноо Валертай суухыг зөвшөөрсөн ч хуримыг нь хойшлуулаад л байж. Эгчийнх нь хуримын дараа л хүүгийн хурим болох учиртай тул ийн алгуурлах болсонд санаа зовсон Дамис нагац ахаараа учрыг тандуулна.

Оргон охиныхоо хуримаас ийн хойш суугаад байсны учир Тартюфтай холбоотой нь удалгүй мэдэгдэнэ. Тэр Тартюфын төгс шударгуу сэтгэлиин харамж болгож охинтойгоо гэрлүүлэхээр шийджээ. Мариана сэтгэлээр унах авч, эцгийнхээ үгийг зөрж үл зүрхэлнэ.

Энэ үед сэтгэлт залуу Валер нь бүсгүйгээс энэхүү бэрхшээлд хэрхэн хандаж буйг асууна. Мариана мэдэхгүй гэж хариулдаг. Бухимдсан Валер хэлсэн үгэндээ үнэнч өөр бүсгүй олно хэмээж сэтгэлт хос хариугүй үүрд салдгийн даваан дээр охиныг Тартюфтай гэрлүүлж хот даяар шившиг болохгүй байхыг Органаас гуйгаад амжилт олоогүй зарц эмэгтэй Дорина тус болно. Дорина залуусыг аз жаргалынхаа төлөө тэмцэж, Оргоныг сэнхрүүлэхийг ятгана.

Дамис Тартюфыг сүрдүүлэхийг завдавч, зарц эмэгтэй илүү зальжин арга бодож олно. Зальхай эр Органы эхнэр Эльмирад хандтайг анзаарсан Дорина хатагтайд охиныхоо хуримын талаар Тартюфтай ярилцахыг санал болгоно. Эльмира бол Мариана, Дамис хоёрын хойт эх бөгөөд нас залуу, үзэсгэлэнт эмэгтэй бөлгөө. Эзэгтэй өөртэй нь хоёулхнаа уулзахаар хүссэнийг сонсоод «ариун явдалтан» маань бөөн баяр хөөр болно. Тэрээр Эльмираг зулгуй хоосон магтаалын үгээр сэхээгүй булж, эцэстээ Марианатай гэрлэх тухайд ямар бодолтой байгааг нь асуухад, Тартюф: «Сэтгэл зүрх минь даанч өөр эмэгтэйд татагджээ. Тэр бол та» хэмээнэ.

«Ариун сүсэгт хүн хүсэл тачаалд автдаг гэж үү?» хэмээн эзэгтэйг асуухад, Тартюф «Тийм ээ, би бурхан тэнгэрт үнэнч. Гэвч би эр хүн, зүрх минь чулуу биш шүү дээ...» хэмээн учирлаж, Эльмиратай эр эмийн ажил хийх санал тавина. Төлөвлөсөн бүхэн ёсоор болсон тул Эльмира энэ талаар эр нөхөртөө дуулгана хэмээхэд, Тартюф занганд орсноо мэдээд ухаангүй айж, нөхөртөө дуулгахгүй байхыг гуйна. Хариуд нь Эльмира: «За, яахав, Оргон энэ тухай юу ч мэдэхгүй өнгөрнө. Харин Тартюф та Марианаг Валертай аль болохуйц түргэхэн гэрлүүлэх талаар өөриин зүгээс чармайлт тавих юм бол шүү!» гэж тулгана.

Гэвч энэ яриаг сэм чагнасан Дамис хамаг ажлыг баллаж орхидог. Тэр зочныхоо увайгүйд бачимдсандаа эцэгтээ энэ бүхнийг хэлчихэв. Оргон хүүдээ биш, өөрийгөө гүтгүүлэн доромжлууллаа хэмээн наминчлах зальхай эрд итгэж, Дамисыг гэрээсээ хөөн, өнөөдрийн дотор Тартюфыг Марианатай гэрлүүлнэ гэсэн шийд гаргадаг. Түүгээр ч зогсохгүй, Оргон бүх хөрөнгөө инж болгон Тартюфт өгчээ.

Клеант сүүлчийн удаа Тартюфтай хүн ёсоор ярилцахыг оролдоно. Шударга явдалт Христос шүтлэгт хүний ёсоор эцэг хүүгийн хоорондын хэрүүл маргааныг баяжиж хөрөнгөжихдөө ашиглахгүй байхыг, гэм зэмгүй залуу бүсгүйг насан туршийн зовлонд унагахгүй байхыг хүснэ. Гэвч хэлэмгий доломгой Тартюф өөрийгөө зөвтгөх үгийг олж хэлээд бүх найдварыг тасалчихдаг.

Мариана «Яахав, инж хөрөнгийг тэр аваг, намайг л эхнэр бүү болгооч. Тэгснээс сүмд сууж сахил хүртсэн нь гэж эцгийгээ гуйгаад ч нэмэр болсонгүй.

Арга барагдахад Элъмира эцсийн мэхээ хэрэглэв. Ингээд ариун сурталт номлогчийн цэвэр шударгууд огтхон ч эргэлзэхээ байсан нөхөр нь ширээн доогуур нуугдаж Эльмира, Тартюф хоёрын юу хэлэлцэхийг чагнахаар зөвшөөрчээ.

Царайлаг эзэгтэйн өөрт нь нууцхан сэтгэлтэй гэдэг үгэнд Тартюф шууд л автав. Ингээд Марианатай гэрлэхээсээ татгалзахын тулд юуны өмнө түүний залуухан сайхан хойт эхтэй янаг амрагийн холбоо тогтоож, дурлалыг амталсныхаа дараа энхрийллийнх нь хариуг төлнө гэж мэдэгдэв. Ариун суртал, сахил санваараа яах билээ хэмээсэн Эльмирагийн асуултад Тартюф «Иймэрхүү явдал болсны эцэст тэнгэр бурхадтай үгээ ололцох олон арга бий» гээд хүүхний хормойг сөхөхөөр яарна.

Нэгэнт ширээн доор сууж сонссон бүхэн нь Тартюфын бузар булайг олж харахад хангалттай байсан тул Оргон ч ил гарч ирэв. Тэрээр Тартюфын өөрийгөө зөвтгөх гэсэн явуургүй оролдлогыг үл сонсон, даруйхан гэрээс нь зайлахыг хүсчээ? Тэгмэгц цаадах нь дууныхаа өнгийг эрс өөрчилж, далд орохын өмнө Оргонтой хатуу тооцоо бодно хэмээн заналхийллээ.

Тартюфын сүрдүүлэг хоосон зүйл байсангүй. Учир нь, Оргон өөрийн байшин, эдлэн газрыг хууран мэхлэгчийн нэр дээр шилжүүлэхээр бичиг баримтыг үйлдчихсэн байлаа. Түүнээс гадна тэрээр улс төрийн шалтгаанаар эх орноосоо оргон гарсан ахынхаа баримт бичиг бүхий хайрцгийг Тартюфт хадгалуулсан юмсанж.

Тиймээс ямар нэгэн яаралтай арга сүвэгчлэх нь чухал болов. Дамис Тартюфыг сүлбэж алах санал хэлдэг ч, Клеант ухаанаар илүү үр дүнд хүрч болно гээд залуу хархүүг хоригложээ. Ийнхүү ямар ч шийдвэр гаргаж чадахгүй сууцгааж байтал, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ирж, маргаашийн дотор ноён Тартюфын байшинг чөлөөлөхийг шаардсан мэдэгдэх хуудас авчирлаа.

Луйварчин эр дөнгөж саяхан өөрийг нь ивээн тэтгэж байсан хүнээ нэг мөсөн хоосруулах боломжийг ашиглахаа алгуурласангүй ажээ. Түүгээр ч зогсохгүй хаан эзэнд, мөнөөх бичиг баримт бүхий хайрцгийг гардуулсан тухай мэдээг Валер авчрав. Одоо Оргон төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ахыгаа нуун далдасныхаа төлөө баривчлагдаж ял хүртэх болжээ. Төөрөлдсөн өвгөн даруй зугтахаар шийдсэн ч, нэгэнт хожимдсон байв. Өөдөөс нь орж ирсэн офицер түүнд баривчлагдсаныг нь дуулгана. Хааны офицерын хамт тэднийд Тартюф өөрөө хүрч ирэв. Тэнд байгсад нэгэн дуугаар хууран мэхлэгчийн хамаг нүгэл булхайг тоочиж гарна.

Энэ бүхнээс залхсан Тартюф офицер руу ширтэж, ичгүүргүй гүтгэлэг доромжлолоос хамгаалахыг хүснэ. Хариуд нь хэний ч санаанд оромгүй гэнэтийн явдал болж. Тартюфын баривчлагдсаныг зарлав.

Хааны цэргийн дарга Оргоныг барих гэж биш, чухамдаа хууран мэхлэгч хэрхэн ичгүүр сонжуургүй аашлахыг нудээр харах гэж л наашаа ирсэн болж таарчээ. Худал хуурмагийг жигшин зэвүүцдэг ухаалаг хаан хов хүргэгчийг өөрийг нь сэрдэж, Тартюф нэрийн дор асар олон луйвар хийсэн гэмт хэрэгтнийг илрүүлэх үүргийг офицертоо өгсөн юм санж. Хааны зарлигаар байшинг өмчлүүлэх тухай баримтыг хүчингүй болгож, Органы төрсөн ахаа хаацайлсан хэргийг ч өршөөн хэлтрүүлжээ.

Ингээд Тартюф шившигтэйгээр гянданд хүргэгдэв. Оргоны хувьд хааны ухаалаг, уудам сэтгэлийг магтан талархаж, даруйхан Валер, Мариана хоёрыг гэрлүүлэхээс өөр хийх юм толгойд нь орж ирсэнгүй ээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.